2024.04.15 - 2024.04.19

ОНЦЛОХ ИШЛЭЛ

“Тэвчээртэй байх нь чухал. Хувьцааны ханш шууд өсдөггүй юм."

- Уолтер Шлосс

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,142.4 нэгжид хүрч, 1.74%-ийн өсөлттэй хаагдлаа. Монгол улс 2024 оны эхний 3 сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.66 тэрбум ам.доллар, импорт 2.41 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспорт 2024 оны эхний 3 сард өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам.доллароор буурсан ба үүнд цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллароор, нүүрс 38.7 сая ам.доллароор, адууны мах 32.6 сая ам.доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 31.6 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 57.9 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 36.0 сая ам.доллароор тус тус өссөн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 474.7 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин 119.1 сая ам.доллар, дизелийн түлш 76.3 сая ам.доллар, автобензин 52.1 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 27.8 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 25.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт экспортын 60.5%-ийг чулуун нүүрс, 17.4%-ийг зэсийн хүдэр баяжмал, 5.8%-ийг алт эзэлж байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын 2024 оны 3-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 3.5%, сарын өмнөх үеэс 0.4% тус тус өссөн үзүүлэлттэй гарсан билээ. Үүний дараа Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл инфляцын түвшний дарамт хадгалагдсан хэвээр байгааг онцолж 2024 оны 3-р сард шинэчилсэн бодлого боловсруулагчдын төсөөллийг дагуу бодлогын хүүг эрт бууруулахгүй байх нөхцөл үүсээд байгааг мэдээлсэн юм. Тэрээр хэрэв шаардлагатай бол бодлогын хүүг бууруулахгүйгээр одоогийн түвшинд хадгалсаар байх болно хэмээн өнгөрөгч 7 хоногт мэдэгдсэн. Үүний нөлөө болон Иран, Израил дахь геополитикийн хурцадмал байдал нь АНУ-ын хувьцаануудын ханш өнгөрөгч 7 хоногт уналттай байхад голлон нөлөөллөө. Тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс гурав дахь 7 хоногоо дараалж уналттай хаагдлаа.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Ойрх Дорнодод хурцадмал байдал үүсэж байгаатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.25%, STOXX Europe 600 индекс 1.18%-ийн тус тус бууралттай хаагдлаа. 2024 оны 3-р сарын Их Британийн инфляцын түвшин 3.4%-иас 3.2%-д хүрч буурлаа. Уг үзүүлэлт нь сүүлийн 2 жил хагас хугацаан дахь тус улсын хамгийн доод инфляцын түвшин юм. Их Британийн 2024 оны 2-р сарын ажилгүйдлийн түвшин 3.9%-иас 4.2%-д хүрч өслөө.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Ойрх Дорнодод хурцадмал байдал үүссэнтэй холбоотойгоор Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 6.21%, TOPIX индекс 4.83%-ийн тус тус уналттай хаагдлаа. Олон улсын валютын зах зээлд Япон улсын иений ханш Баасан гарагт дийлэнх валютуудын эсрэг түр хугацаанд чангарсан боловч эргэн суларч ам.долларын эсрэг сүүлийн 34 жилийн доод түвшиндээ арилжаалагдаж байна. Япон улсын төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда нь иений ханшийн сулрал нь инфляцын түвшний өсөлтөд нөлөөлж эхлэх юм бол бодлогын хүүг дахин өсгөх болно хэмээн мэдэгдээд байгаа юм.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын 2024 оны эхний улирлын эдийн засгийн өсөлт шинжээчдийн хүлээлтийг давсны улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.52%, CSI 300 индекс 1.89%-ийн тус тус өсөлттэй байлаа. БНХАУ-ын 2024 оны эхний улирлын эдийн засгийн өсөлт жилийн өмнөх үеэс 5.3%, улирлын өмнөх үеэс 1.6% тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус улсын 2024 оны зорилтот эдийн засгийн өсөлт 5.0% юм.

Дэлгэрэнгүй

ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

Ковид цар тахлын сөрөг шокоос өмнө 1 ам.доллар 103 ширхэг Япон улсын иентэй тэнцдэг байжээ. Харин өнөөдөр 1 ам.доллар 154 иентэй тэнцэж, иений ханш ам.долларын эсрэг 50% орчим суларсан байна. Уг 1 ам.доллар 154 иентэй тэнцэж буй үзүүлэлт нь сүүлийн 34 жилийн хамгийн доод түвшин юм. Тэгвэл Япон улсын зүгээс иений ханшийн сулралын эсрэг ямар байр суурьтай байна вэ? Мөн цаашид ханш хэд хүрэх вэ? гэдэг асуултуудад хариулсан Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Дилер С.Зоригтын шинжилгээг танилцуулъя.


Юуны өмнө иений ханш ам.долларын эсрэг сулрахад нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь Холбооны нөөцийн сан болон Япон улсын төв банкны хоорондын Мөнгөний бодлогын зөрүүтэй байдал юм. Тодруулбал, Холбооны нөөцийн сан 1980 оноос хойших хамгийн хурдацтайгаар бодлогын хүүгээ өсгөж 5.5%-д хүргэсэн байгаа бол Япон улсын төв банк сүүлийн 30 жилийн турш өсөлт үзүүлээгүй эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын хүүгээ сөрөг утгад хадгалж байгаатай холбоотой байна. (Жич: 2024 оны 3-р сард Япон төв банк сүүлийн 17 жилд анх удаа сөрөг хүүгийн түвшнийг эерэг болгосон.)


Хоёр улсад Мөнгөний бодлогын зөрүү үүсгэж буй гол шалтгаан нь улс хоорондын эдийн засаг болон инфляцын нөхцөл байдалтай холбоотой байна. АНУ-ын хувьд өндөр инфляцын түвшнийгээ бууруулж зорилтот 2.0%-д хүргэх нь чухал байна. Харин Япон улсын хувьд бодлогын хүүгээ сөрөг утгад хадгалж, хадгаламж болон зээлийн хүүг маш бага түвшинд барих, зах зээл дэх эрэлтийг дэмжих, мөн улсын экспортын бүтээгдэхүүний дүнг нэмэгдүүлж улмаар эдийн засгийн өсөлтөө дэмжих нь чухал байгаа юм.


Япон улсын бодлого боловсруулагчдын хувьд иений ханшийн сулралын эсрэг валютын зах зээлд интервенц хийх талаар мэдэгдсээр байгаа хэдий ч хамгийн гол суурь хүчин зүйлүүд иений ханш сулрах чиглэлд байна. Тиймээс Япон улсын иений ханш 160, цаашлаад интервенц хийхгүй бол 1 ам.доллар 170 иентэй ч тэнцэх боломжтой гэж үзэж байна.


БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.63%-д хүрч өслөө. Энэ нь 2023 оны 11-р сараас хойших хамгийн дээд өгөөж боллоо. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.84%-д хаагдлаа. Япон улсын төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда нь иений ханшийн сулрал нь инфляцын түвшний өсөлтөд нөлөөлж эхлэх юм бол бодлогын хүүг дахин өсгөх болно хэмээн мэдэгдээд байгаа юм.

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.99%-7.62%-ийн хооронд байна.

Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 13.29% байна. Мөн MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 9.42%-ийн өгөөжтэй арилжаалагдаж байна.

Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

ХААН БАНК ХК (KHAN) 2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ

 2024.04.19 


Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй Хаан банк ХК /KHAN/ 2024 оны 1-р улирлын тайлангаа танилцууллаа.


Хаан банк ХК-ийн хүүгийн орлого 2024 оны 1-р улиралд жилийн өмнөх мөн үеэс 34.7% өсөж 585.61 тэрбум төгрөгт хүрлээ. Тус банкны цэвэр ашиг 21.3% өсөж 135.88 тэрбум төгрөгт хүрлээ.


Эх сурвалж: ХААН БАНК ХК-ны албан ёсны веб сайт

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК /MSE/ 2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

 2024.04.18 


Монголын хөрөнгийн бирж ХК 2024 оны 1-р улирлын тайлангаа танилцууллаа.


Тус компани  нь 2023 оны тайлант жилд нийт 9.31 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2024 оны 1-р улирлын байдлаар аль хэдийн 7.32 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үйл ажиллагааны орлогыг жилийн өмнөх үетэй харьцуулахад өндөр өсөлт үзүүлээгүй хэдий ч хүүгийн орлого 6.41 тэрбум төгрөгт хүрсэн нь энэхүү өндөр цэвэр ашгийн гол шалтгаан нь болж болжээ.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

Улсын төсвийн орлого ₮7.7 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өсөв

 2024.04.17 


Улсын нэгдсэн төсөвт оны эхний улиралд 7.7 их наяд төгрөгийн орлого төвлөрч, өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5.7 их наяд төгрөг хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Ийнхүү төсвийн тэнцэл сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь I улирлын гүйцэтгэлтэй харьцуулахад ашиг нь нэмэгдсэн үзүүлэлттэй байна.


Дэлгэрэнгүй

БНХАУ-ын эдийн засаг I улиралд 5.3 хувиар тэлж, шинжээчдийн таамгийг давлаа

 2024.04.16 


БНХАУ-ын эдийн засаг оны эхний улиралд 5.3 хувиар тэлсэн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь шинжээчдийн таамаг болох 4.8 хувиас өндөр үзүүлэлт болсон хэдий ч өсөлт хэр тогтвортой эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Тухайлбал: БНХАУ-ын оны эхний улирлын өсөлтөд нэгдүгээр сарын болон хоёрдугаар сарын эдийн засгийн үйл ажиллагааны идэвх голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй